top of page

Миний тухай






 

IMG_2223.JPG

Бусдын бие сэтгэлийг засаж, урьд хийгээд эдүгээ насны амьдралаас үүссэн ул мөр, нөлөөллийг илаарьшуулах ажлын гараа минь анх сэтгэл судлалд мэргэшин суралцсанаар эхэлсэн билээ. Нэг талаас мэргэжил, боловсролын хувьд сэтгэл зүйч, нийгэм соёлын сэтгэл зүйн судалгаа хийдэг судлаач боловч бусдыг бие сэтгэлийн зовлонгоос илаарьшуулах хүсэл минь намайг академик сургалтаас хальж өөр бусад аргуудыг хайж, суралцахад хүргэсэн юм. Эрэл хайгуул минь анх 2014 онд Сэтгэцийн эмч Брайан Вайсын ном, судалгааны бүтээлүүдийг уншсанаар эхэлж байлаа.

Монголчууд бид нарт урьд, хойд насны талаар ойлголт соёлын хувьд танил хийгээд өдөр дутамын ярианд хэрэглэгддэг хэдий ч хүнийг урьд насруу нь буцаах аргаар засал хийж болдог талаар Др.Брайан Вайсын бүтээлүүдийг уншихаас өмнө мэддэггүй байсан юм. 

2006 онд сэтгэл судлалаар сурахаар шийдэн Энэтхэгийн Бангалор хотруу явснаар материалист, позитивист шинжлэх ухааны замд орон түүндээ ч их итгэлтэй, хайртай байв. Гэвч цаанаасаа л хүний амьдралын асуудал, зовлон жаргалыг дан ганц орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгт хязшаарлагдан шийдэх боломжгүй юм байна гэдэг сануулгыг амьдралд тохиолдсон олон асуудал, уншиж судалсан олон зүйлс маань хэлж байлаа. Ингээд асуултууддаа хариулт хайсаар 2014 онд хайж байсан зүйлийнхээ үзүүрээс барьж авсан нь тэр байлаа. Үүний хажуугаар Буддын сургаалиудын жинхэнэ мөн чанарыг судалж, хэрэгжүүлж буй хүмүүсээс шашин гэхээс илүүтэйгээр амьдралыг ойлгох арга ухаан талаас нь сонсож суралцах зүйлс их байв. Бага залуу наснаас эцэг эх минь академик боловсролыг эрхэмлэхийг сургаж өсгөсөн тул үүнийгээ даган 2018 он хүртэл зөвхөн илаашьралийн (терапи) талаар унших төдий л суралцаж, академик боловсролын замаа голлон яваад 2018 оны эхээр санамсаргүй QHHT аргыг үндэслэгч Долорес Каннон гэгч эмэгтэйн ярилцлагыг сонсож байхдаа ““бидний ухамсар сурч хөгжих зорилготой энэ дэлхийд төрж, хүний амьдарлаар амьдардаг. Тиймээс зуурдын нэгэн дүрд оршин буй хэмээгээд бусдыг уучил өршөө, сэтгэлийн уяа буглааг чөлөөлөн явуулах хэрэгтэй” гэдэг хэдэн үгс нэгийг бодогдуулж, бодолд гэгээ оруулж билээ. Долорес гуайн ажил, судалгааны талаар ерөнхий мэддэг болсонч түүний арга ажиллагаанд нэг их татагдан дуралсангүй өнгөрсөн юм. Гэхдээ түүний ярилцлагыг эргээд харахад ухамсар, сэтгэлийн илаашьралийн үйлд мэргэшин, туршлагжих замналд чухал нөлөөтэй байжээ гэж боддог. Ингээд 2019 онд өөрийн багш Марк Бийлийн хипнотерапи сургалтын сурагч болсноор түүнтэй танилцан одоог хүртэл түүнээс суралцан хамтран ажиллаж байна.

Өдгөө хипнотерапи дэлхий даяар түгэн олон хүмүүст хүрч, мөн олон ч арга, хандлага хэрэглэгддэг болж. Зарим нэг хипнозасалчид өөрсдийн сурч эзэмшсэн аргууд, туршлага дээрээ тулгуурлан өөрсдийн онцлого арга зүйг боловсруулдаг болжээ. Миний хувьд хипнотерапи заслын суурь аргууд, урьд насруу буцаан засах арга (Past Life Regression Therapy) болон хорогдож уягдсан ухамсарыг /сүнс эсвэл энергийг/ чөлөөлөн явуулах засал (Spirit Releasement Therapy) аргад судалцсан. Түүнчлэн чадавхижсан хипнотерапистуудын аргуудаас суралцан сэтгэл зүйн шинжлэх ухааны мэдлэг хийгээд суурь хипнотерапигийн мэдлэг дээрээ тулгуурлан өөрийн онцлог арга барилыг хөгжүүлэн үйлчилгээгээ загварчлан явуулж байна.

bottom of page